Залуу насанд алдах зүйл байхгүй

Өглөөний таван цагт сэрүүлэг дугарч босох цаг болсныг мэдэгдлээ. Хөлс гадагшлуулдаг цамц өмдөө шургуулаад хэдэн өндөг үмхэж аваад завьны хоёр нөхөртэйгээ машинд суун сургуулийн зүг хөдлөв. Хэдийгээр нар мандах цаг болоогүй боловч гадаа дулаан байсан нь хавар цаг ирснийг илтгэнэ. Ингээд 6-н цагт бэлтгэлийн заалны гадаа бусад нөхөдтэйгөө болон дасгалжуулагчтайгаа улзаад хорин минут зааварчилгаа авсны дараагаар голын эрэг дээр орших завь хадгалдаг байшин руу бүгдээрээ явцгаалаа. Удалгүй тус бүр нь 4-н хүний бүрэлдэхүүнтэй 3-н завь, дасгалжуулагчийн моторт завьтай хамт толь шиг гялтгар усны гадаргууг зүсэн тэртээх харагдах тэнгэрийн хаяаг чиглэн сэлүүрдэж одох нь тэрээ.
Тунгалаг усны гадаргуунд сэлүүр хүрэх тэр мөчид долгион урган дөрвөн зүг найман зовхист аялан одно. Энэ үед чимээ аниргүйн дунд би завьтайгаа, бас нөхөдтэйгөө амьдарлаас тасран мөнх тэнгэрийн дор хэсэгхэн ч болов хугацаанд жаргал зовлонг умартана. Тэгж явахдаа би бодном: “залуу насны ид хаваар бялхаж, бахархал баясгал хоёроор хооллож явах ямар сайхан юм бэ. Хоёр идэхгүй хоосон хонохгүй хоног мөч тааравч авч чадаагүй зүйлдээ гансран гутарахын оронд хоосон ч гэсэн мөрөөдлөө сэтгэлийн гүнд хадгалаад, амжуулсан бүтээсэндээ бярдан ирээдүйг өнгөтөөр харах ямар сайхан юм бэ. Амьдрал ганц л олддог гэж ярих буурлын яриаг сонсоод залуу нас ч бас ганц л заяадгийм гэж зүрхэндээ шивнэж, энэ яваа насны оргил болсон үедээ унтаж, ухантаж биш ухаарч, мэдэрч явая даа гэсэн бодлын үзүүрээс барин тавин яваадаа би баярлахаас яахав дээ. Алхаа гишгээ болгоноо тэр бүр анзаарахгүйн гайгаар алдаж эндэж явдаг залуу нас минь чи намайг хэзээ нэгэн цагт голын эрэг дээр орхиод урсгал даган хөвж одох буй за. Тэр болтол би чамайг завь болгон унаж, өөрийн хоосон мөрөөдлөө сэлүүр болгон хэвлэж амьдрал хэмээх ширүүн урсгалтай мөрнийг гатлах гэж оролдоё. Хүмүүс энэ мөрнийг догшин гэж хэлнэм. Зарим нэг нь уйтгартай гэж ярьнам. Гэвч би энэ мөрний догшин авираас нь үл сүрднэм, уйтгартай зангаас нь үл уйднам. Учир нь надад сэлүүр байгаа, унаж яваа завь минь бий.”
Цаг гаруй сэлүүрдсээр 5 бээр газар хороожээ. 9-н цагаас өглөөний цай дуусах тул амжиж хооллохын тулд буцаж эргэх шаардлага үүсэв. Завиа эргүүлэн буцаж сэлүүрдэхдээ ирсэн газраар буцаж буй мэт санагдавч, өмнөх явсан мөрийг маань голын ургсгал авч одсоныг бодохоор энэ агшинд дахин шинэ зам татуулан, жим гаргаж явааг би мэдлээ. Ингээд би бодруун: “Синбад далайчинтай хамт өнгөрүүлсэн бага нас минь тэртээд хочорч үлгэрт гардаг шулам эм, арвин сүнс, авралт бурхан бүгд амьдрал дээр Пикассогийн будаг шиг холилдон орших юм. Уул нь цаг цохилох бүрийд бурханыг нь буг чөтгөрөөс ялгахад хэцүү ч болоод байх шиг байсан боловч газар үзэж нүд тайлах тусам хорвоогийн үл тэнцвэрт зарчимыг дусал бүрээр амсаж, нүгэлт ертөнцийн нүүрийг хар цагаанаар тольдохуйд цагаан газар нь цайрч хар газар нь сүүдэртэн харагдмой. Гэвч Мефистофильстой танго эргэж буй нэгэн хажуугаар салхи татуулан өнгөрөвч хоёр нүд минь түүнийг хавчаахай нум, годоль сум агссан баатар байна гэж хардаг тохиолдол дуусайгүй л байх шиг. Нүгэлтэй нүүр тулан учрах бүрийд зүрх минь алдравч нарыг гараараа хааж болдоггүйг санахаар эргээд сэтгэл минь уужрах юм. Амьдралын нугачаанд нухлуулж явахдаа би гээч хүн гэгээн ариун бүхнийг тэр болгон хүндэтгэж, гоо сайхныг тэр болгон шүтэх мэлмий хүрэхгүй юм. Тиймээс ч завгүй, чөлөөгүй гэж яваа залуу насандаа саадагандаа агсах ёстой гэгээн ариун болгоны заримыг замдаа харалгүй гээгээд, гоо сайхныг мэдэрч, дээдлэн шүтэх боломж олдсон ч үүнийг харалган зангаасаа болж авалгүй алдаж, мэдрэлгүй өнгөрөх мөчүүд байсан. Ирээдүйд ч бас ийм мөчүүд намайг бас л хүлээж байгаа мэт санагдана. Хэдийгээр тухайн үедээ ийнхүү харамсах мөчүүд байсан ч, өнөөдрийн өнцгөөс харахад амьдрал дээр надад завь минь байна, сэлүүр минь ч байгаа учир харамсах зүйл үнэхээр алга. Тэрнээс гадна Шихерэзаде 1001 үлгэрээ ярьж дуусах хаа ч үгүй байна гэж бодохоор ямар их боломжийн өмнө гараа алдлан зогсож буйгаа төсөөлж үнэхээр чадашгүй нь. Энд зогсоход минь тусалж гэгээн ариун болгоныг мэдрүүлж, гэрэлт ертөнц рүү тэмүүлэхэд минь тусалсан хүмүүн таньд би талархлая. Бүдрэхэд минь түшиж, босоход тусалсан хүн болгонд баярлая.”
Нар ч аль хэдийнээ уулын цаанаас мандан үүлгүй тэнгэрийн тэртээ харуулдан зогсоно. Моторт завьны чимээ зогсоол дээрх нам гүмийг эвдэн “бид ирлээ” хэмээн чарлах мэт сонсогдоно. Завь маань аажмаар зогсоолд ойртсоор тулж очих агшинд завиа авч байшинд оруулж тавих зааварыг дасгалжуулагч өгч байхыг би сонслоо. Тун удалгүй бид өглөөний цайндаа орж миний амьдарлын дахин олдошгүй нэг өглөө маань өндөрлөсөн юм. 

Эх сурвалж: www.bugdeeree.mn

Comments

Popular posts from this blog

Вэб гэж юу вэ?

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ

CSS гэж юу вэ?